Монгольский перевод Ц. Дамдинсурэна
Источник:
Дамдинсурэн Ц. Орчуулагчаас Игорийны хорооны тууж. — Улаанбаатар, 1985
- 1. Эзэн ноён Святославын хүү
Эрхэм ноён Игорийн тууж
Элдэв гунигт үйл явдлыг
Эхэлж дуулъя, дүү нар минь. - 2. Үлгэрч Боян шиг дөвийлгөлгүй
Үнэн явдлыг үнэнээр нь яръя.
Үлгэрч Боян хуурдаж дуулахдаа
Үйл явдлыг үлэмж дэвэргэж - 3. Үзүүртэй модны дээгүүр жирэлзүүлж
Үүлтэй тэнгэрийн доогуур хөвөлзүүлж
Бүргэд шувуу шиг тэнгэрт хөөргөж
Бүгээн чоно шиг газарт гүйлгэж
Магтаж дуулах нь гайхам билээ.
Мандуулж хэлэх нь сайхан билээ
Мартсан явдлыг сануулдаг билээ
Маргаан тэмцлийг үзүүлдэг билээ. - 4. Өвгөн ноён Ярослав сэцний
Өвтэгш эрдмийг магтан дуулна.
Өвөг ноён Мстислав баатрын
Өнгөрсөн түүхийг дурсан дуулна.
Баатар Мстислав ноён өөрөө
Бат Төмөр цайзыг эзлээд
Балагт тэрсүүд Редедийн толгойг
Балтаар цавчсан түүхийг ярина.
Алдарт Святославын ахмад хүү
Ариун лагшинт Роман баатар
Азов тэнгисийн Төмөр цайзыг
Авч эзэлсэн домгийг дуулна. - 5. Хуурын чавхдас хун шиг хөвнө.
Хуурчийн хуруу шонхор шиг дайрна.
Хуруунд өртсөн хуурын чавхдас
Хун шувуу шиг дуулж эхэлнэ.
Анд нөхөд минь, Боян хуурч
Ариун цагаан хунгийн сүрэгт
Арван шонхрыг тавьсан биш ээ.
Арван хурууны эрдмийг үзүүлж
Алтан чавхдасыг цохисон байна аа.
Мөнгөн чавхдасыг би цохиж
Мөнөөх явдлыг арай өөрөөр
Мөнхийн гавъяаг ерийн үгээр
Мөргөж айлтгая, үгийг минь сонс. - 6. Өвгөн ноён Владимираас эхлээд
Өнөөгийн ноён Игорийг хүртэл
Өнгөрсөн явдлыг ярьж эхэлье.
Өмөг нөхөд минь анхаарч сонс!
Игорь ноён идтэй чадалтай,
Их санаатай, гүн бодлоготой, - 7. Идэрхэг цэргээ аваад мордлоо
Идэмхий половцыг дайрахаар явлаа. - 8. Явж байгаад тэнгэрийг харлаа.
Яг тэр цагт нар хиртлээ.
Явах зам нь харанхуй боллоо.
Ямар ёр вэ гэж Игорь гайхлаа.
Ялах зориг нь улам бадарлаа.
Явсан хэргээ орхихгүй гэлээ. - 9. Өмөг нөхдөө Игорь дуудлаа.
Өөрийн санааг илтгэж хэллээ: - 10. «Олзонд автсанаас үхсэн дээр.
Одоо мордож урагшаа явъя.
Омогт нөхөд минь шууд хөдөлье. - 11. Олиггүй половцыг дайрч оръё.
Дорви чадлаа тэдэнд үзүүлье
Дон мөрний уснаас ууя.
Доншуулч половцыг эзэлж авъя.
Дотоод санаа минь ийм байна. - 12. Хурц жадаа хугартал хатгалдаж
Хурдан хөлгөө эцтэл тулалдаж
Хурим найраа хийвэл ч хийе
Хуйхтай толгойгоо алдвал ч алдъя» гэв. - 13. Энх цагийн Боян хуурч
Энэ явдлыг хуурдаж дуулбал
Эрт эдүгээ хоёрыг холбож
Эндэх тэндэх газрыг зүйрлэж
Алтан гургалдайн уран хоолойгоор
Аялгуулж дуудах байсан байх даа, - 14. Ариун онгон Велес тэнгэр шиг
Айлдаж хайрлах байсан байх даа.
Алдарт Трояны зурвас замаар
Арагшаа урагшаа гүйх байсан даа. - 15. Итлэг шонхор шуурганд хөөгдөв үү?
Идэмхий хэрээ улайд дурлав уу? - 16. Игорь ноёны зоригт нөхдийн
Ирсэн учир чухам юу бол?
Хил хязгаарт морь нь янцгаана.
Киевийн ордонд алдар нь дуурсана.
Шинэ хотод бүрээ нь хүнгэнэнэ.
Сеймийн Путивльд туг нь намирна». - 17. Ийм янзаар Боян дуулна.
Игорь ноёныг ингэж магтана.
Би тэгж арай дуулахгүй
Битүү ёгтоор арай ярихгүй
Билэг чадал хүрэхгүй байна.
Биетэй явдлыг тоочиж хэлье.
Игорь ноёны хүлээсэн дүү - 18. Идэрхэг Всеволод ирээд хэлэв:
- 19. «Гарамгай Святославын ууган хүү
Газар дээр ганц ах минь - 20. Гайхах юмгүй, одоо морд,
Газарч дүү чинь бэлэн байна. - 21. Гилбэрийн ирийг долоож өссөн
Гилгэр дуулгыг өмсөж сурсан
Бүрээн дуугаар бүүвэй хийсэн
Бүлэх мэсийг эдэлж сурсан
Хүний сайн Курскд цуглав. - 22. Хүлгийн сайн тэнд сойгдов.
Газар нутгийг бид мэднэ.
Ганга жалгыг бид андахгүй.
Ган болд илдээ хурцлав.
Хатуу хар нумаа хөвчлөв.
Хоромсгоо зүүж саадгаа агсав.
Хортон дайсантай тулалдахыг хүлээв. - 23. Жад, сэлэм, хуяг, дуулгатай
Жагссан эрчүүд бэлэн байна. - 24. Хөх чоно шиг гүйлдэж байна.
Хөнөөлт дайсныг угтаж байна.
Алд биендээ гавьяаг хүснэ.
Ахмад ноёндоо алдрыг хүснэ» гэв. - 25. Ах дүү хоёр уулзаад
Арга ухаанаа зөвлөж хэлэлцээд
Алтан дөрөөнд хөлөө өргөөд
Атаат дайсантай байлдахаар мордов. - 26. Уудам талаар явж байтал
Улаан нар баруунаа халбийж
Уршигт шөнө нөмөрч ирэв. - 27. Урдах зам нь харагдахаа болив.
Харанхуй шөнө аймаар зэвүүн.
Хажуу талаас араатан гэтнэ.
Хар нүхнээс хулгана цухалзана.
Халдах дайсан далдаас өндөлзөнө. - 28. Сүүл мөрөн сүрхий цалгилж,
Сүрож арал мананд бүрхэгдэж
Сүртэй юм болох шинжтэй
Сүйд майд болох янзтай.
Төмөр цайзын чулуун бурхан
Төвшин дүрээ алдаж чичрэв.
Ижил мөрөн ирмүүн урсаж
Их далай ширүүн долгилов.
Ой дотроос онгон тэнгэр
Онц аюул ойртсоныг мэдэгдэв.
Игорь ноён ёроос айлгүй
Их цэргээ Донд авчрав. - 29. Идтэй хүчтэй Оросын дайчид
Идэмхий половцтой байлдахаар зэхэв.
Өнөөх половцууд ихэд яарч
Өөр замаар хурдан явж
Өргөн Донд хүрч ирээд
Өшөөт Игорийг отож байв. - 30. Ачаатай тэрэгний хяхнах чимээ
Айсан хунгийн хүхтнэх дуу шиг
Аль муухай анир чимээ
Алалдах цагийн дохио болов. - 31. Бүргэд шувуу тэнгэрт нисэж
Бүхэл хугас хүүрийг эрнэ.
Бүгээн чоно газарт тэнэж
Бүлээн цусны үнэрийг шиншилнэ.
Үдэш болоход гургалдай жиргэнэ.
Үүр цайхад турлиах шуугина.
Өглөө болоход болжмор шулганана.
Өдөр болоход араатан гөрөөлнө.
Орос цэргийн улаан бамбайг
Овтой үнэг харж хуцна. - 32. Орос орон хол хоцорлоо.
Олон довын цаана үлдлээ. - 33. Дайны өмнөх шөнө сунжирч
- 34. Дараагийн өглөө аажим ирэхэд
Улаан бамбайт орос цэргүүд
Уулгалж ирсэн половцыг хориглов. - 35. Цолмон гаригийн өглөө болоход
Цогт Игорийн шилдэг хөвгүүд
Цочмог дайрсан половц цэргийг
Цохиж няцаагаад олонхыг хядав - 36. Гоё сайхан охидыг олзолж
Гоц сайхан хувцсыг ачиж
Гойд сайхан эрдэнийг авчраад
Годоорч наргин ихэд жаргав. - 37. Авсан олз үлэмж учраас
Ачиж багтахгүй хаялж байв.
Нарийн нандин торго магнагаар
Намагтай замыг тэгшилж байв. - 38. Улаан далбаа, цагаан оронго,
Унжих манжлага, хийсэх хиур,
Уриалах тугийн мөнгөн ишийг
Уугуул ноён Игорьт өргөв. - 39. Олегийн удмын зоригт хөвгүүд
Орой болоход тавтай нойрсов.
Орос орон чинь хол байгаа.
Ондоо нутагт ирснээ мартуузай. - 40. Харцага шонхор алинд нь ч халгүй
Харь газраас буцахыг хүснэ.
Хэрээ шаазгай хэнд ч балаггүй
Хээр газраас буцахыг мөрөөднө. - 41. Гэтэл половцын Кончак хаан
Гэтэж явсаар Донд ирлээ. - 42. Гэзэг дарж Гзак жонон
Гэнэт ирээд Игорийг бүслэв. - 43. Өглөө болоход ертөнцийн байдал
Өөр болсон муу ёртой.
Үзэсгэлэнт сайхан тал нутаг
Үхээр хаях газар шинжтэй.
Шаргал нарны улаан туяа
Шархнаас гоожсон цусан өнгөтэй. - 44. Навсайж сэвсийсэн хар үүл
Нарыг халхлах хөшиг янзтай,
Игорийн хамт ирсэн ноёд
Ивээлт ертөнцийн дөрвөн наран
Игорь, Всеволод, Олег, Светослав - 45. Ирсэн дайснаас яаж мултрах вэ?
Хар үүлнээс цахилгаан бууна. - 46. Харвасан сумаар бороо орно.
Хатгах жадаар мөндөр цохилно.
Каял Дон цусаар урсана. - 47. Орос орон минь чи одоо
Олон довын цаана үлджээ. - 48. Салхины эзний шуурган зэвсэг
Санаа муутын суман бороо
Игорийн цэргийн дээрээс буулаа
Их тулалдаан нижигнэж эхэллээ. - 49. Хашгирах дуу газрыг доргиов
Хар тоос тэнгэрийг бүрхэв.
Тэнгэр харлаж дэлхий донслов.
Тэрс үзэлтэн шуугьж дайрав. - 50. Дон мөрнөөс половцууд довтлов.
Доод далайгаас тэрсүүд дайрав. - 51. Дорвитой оросууд зүрхтэй байлдав.
Дотогш оруулахгүй, гадагш хөөв. - 52. Хэнтэгт догшин Всеволод ноён
Хэцүү дайнд зоригтой орж
Хэрцгий половцыг Зэвээр шүршиж
Хэвнэг хуягийг илдээр цоочиж
Алтан дуулгаа гялалзуулан харайж
Алагдсан половцыг гишиглэж явна. - 53. Аваар дуулгыг сэлмээр цавчиж
Алалдах зоригоо бадруулж явна.
Ширүүн тулалдаан болоод ирэхэд
Ширээ хэргэм ч хамаагүй болно. - 54. Цусаа урсгах байлдаан болоход
Цуглуулсан хөрөнгө ч харамгүй болно. - 55. Харь дайсантай тулалдах цагт
Хайрт эхнэрээ ч санахгүй болно. - 56. Энэ бүхнээ мартсан хүн
Эмгэг шархыг ч тоохгүй болно. - 57. Онгон Трояны цаг ч өнгөрлөө.
Омогт Ярославын үе ч улирлаа.
Олег ноёны базаахгүй хэрүүл
Одоо хүртэл үргэлжилж байна - 58. Түмний эзэн Олег ноён
Төмөр цайзад хямрал үүсгэв
Төвөг яршиг нь Ярославт сонсдов
Төвийн ноён Владимир зэвүүцэв - 59. Хоорондын хэрүүлийг Олег өдлөө
Хохирлын илдийг Олег далайлаа
Хортой хэргийг Олег хийлээ
Хойшдоо түүнийг зогсоох хэрэгтэй - 60. Тэр дайны уршгаас болж
Тэргүүн ноён залуу Борис
Тэтгэх номын хөнжлийг нөмөрч
Тэнгэрийн оронд заларсан түүхтэй - 61. Мөнөөх Бористой нутаг булаалдаж
Мөчөөрхөж тэмцсэн Изяслав ноён
Мөнхийн оронд хамт очсон нь
Мөн хэрүүлийн уршиг болно. - 62. Маргааш нь Изяславын алтан шарилыг
Мадиар жороо мориор дамнаж
Манлай Киевийн сүмд оршуулсан нь
Маш гайхамшиг, чухамдаа гутамшиг. - 63. (Болчим муутай Олег ноён
Бодлого муутай хэрүүлийг хийгээд
Богд алдар овгоо алдаж
Боохой алдар хочтой болов).
Эзэд ноёдын хэрүүл баруул
Энгийн ардад гамшиг болж
Орос хүний зовлон нэмэгдэж
Олон амьтны нас богиносов - 64. Харц тариачны хөдөө нутагт
«Хаа хөж» гэх чимээ тасрав - 65. Хар хэрээ сэг эрж
Хашгирч гуагалах нь олон болов
Урьд тийм дайн болсон юм
Улам хэцүү дайн сая болов - 66. Өдөр шөнөгүй зэв хангинаж
Өглөө үдэшгүй сэлэм тачигнаж
Танихгүй газар жадаа хугачиж
Тасрахгүй бөх хуягаа уралцав - 67. Хүлгийн туурайгаар газрыг хагалж
Хүний ясыг үр шиг цацаж
Хөлс цусыг ус шиг урсгаж
Хөнөөл зовлонг тариа шиг ургуулав - 68. Үүрийн хяраанаар гаслан болжээ
Үхлийн талбараас зарим нь ухарчээ
Түүнийг Игорь олж мэдээд
Түргэн очиж буцааж авчрав - 69. Игорь Всеволодыг холоос харвал
Их чармайн байлдаж байв
Өмгөөлөх гэж Игорь оролдоод
Өөрөө дайсанд баригдахад хүрэв
Анхны өдөр айхтар байлдав
Дараагийн өдөр дажгүй тулалдав - 70. Гурав дахь өдөр Игорийн туг
Гудайж унаад дайсанд ялагдав - 71. Хоёр ноён салж бүслэгдээд
Хоёр өөр хаанд баригдав
Хотол Оросын төлөө зүтгэсээр
Ховдог половцын олз болов - 72. Каял голын хурим дууслаа
Халамцах дарс Орост олдсонгүй - 73. Харин худ ургууд л наргилаа
- 74. Хагд өвс ч гашуудаж бөхөлзөв
Хайлаас мод ч гансарч найгав - 75. Цөвийн цаг боллоо, нөхөд минь
- 76. Дажбог тэнгэрийн удам угсаа
Даанч их зовж байхыг
Даяны сүлд хун дагина
Далдаас мэдээд нийтэд зарлаж
Далавчаа дэлгэж далайг шүршиж
Дажин болох аюулаас аврав. - 77. Эцэг эх нэгтэй ноёд
«Энэ минийх, тэр минийх» гэж
Эв найраа эвдэж хэрэлдээд
Элэг эмтрэх дайныг үүсгэв. - 78. Яльгүй хэрүүл нь шальгүй өсөөд
Яггүй тэмцэл багагүй өрнөв.
Тэднийг тэгж мөргөлдөж байхад
Тэрс үзэлтэн биднийг дарлав. - 79. Шонхор Игорь хол явжээ.
Шоглосон шувуу ч олон боллоо. - 80. Талийсан хүмүүс дахиж босохгүй.
Тайлга буяныг үйлдэх хэрэгтэй. - 81. Уй гашуу Оросыг бүрхэв.
- 82. Уйлсан нулимс нүүрийг угаав.
- 83. Эхнэрүүд нөхрөө мөрөөдөж уйлав.
Эргэж уулзах хувьгүй гэж уйлав. - 84. Авгай хүүхнүүд гашуудаж уйлав.
Алт мөнгөө харамсаж уйлав.
Их хот Киев гашуудав. - 85. Игорийн хот Чернигов гашуудав.
Газар орон гашуудалд дарагдав. - 86. Гашуудлын нулимс нуур болов.
- 87. Өөрийн ноёд хямарч байхад
Өнөөх половцууд Оросыг дарлаж
Өрх бүрд хэрэм оногдуулж
Өвөрмөц албыг хураадаг боллоо. - 88. Игорь, Всеволод хоёр ноён
Их ноён Святославтай зөвлөхгүй
Илүү юманд хэтэрхий шунаад
Ингэж баларсан түүхтэй билээ.
Бусад олон ноёдтой эдбэж
Булт нийлж нэгдэхгүй болбол
Булхайч половцод тустай болно.
Буурч доройтоход бид хүрнэ. - 89. Киевийн ван Святослав урьд
Хилэнгээ бадруулж зоригоо чангалж
Дайчин цэргээ авч мордоод
Даварсан половцыг тас цохисон юм. - 90. Уул талын тоосыг манаргаж
Ус мөрний булингарыг хөдөлгөж
Хотгор ганга газрыг тэгшилж
Хонхор намагт зам тавив. - 91. Тэдний Кобяк хааны биеийг
Тэнгисийн хөвөөнөөс барьж аваад
Төмөр хороо цэргийн хамт
Төрийн танхимд хорьж байсан юм. - 92. Тэргүүн ноён Святославын үйлдсэн
Тэр явдлыг герман, итали,
Тэгээд грек, чех хүртэл
Тэмдэглэж магтаж байсан нь бахтай. - 93. Одоо тэд Игорийг зэмлэж
«Оросын баялгийг Каялд хаялаа.
Овоолом алтыг половцад өглөө» гэж
Огт өөрөөр яръдаг боллоо. - 94. Алтан эмээлээ Игорь алдаад
Адгийн янгиа тохдог боллоо.
Асарт танхим зэвхий дааж
Амар жаргал гунигаар солигдов. - 95. Киев хотод Святослав зүүдлэв.
Хийморь муутай явдлыг зөгнөв. - 96. «Банзан дээр түүнийг хэвтүүлээд
Бараан хивээр биеийг ороож - 97. Гашуун хольцоотой хөх дарсыг
Гарт нь бариулаад өгч байна. - 98. Гажуу үзэлтний хоосон саадгаар
Гайхам сувдыг асгаж байна. - 99. Харанхуй шөнө ингэж зүүдлэхэд
Хар хэрээ үргэлж гуагалав» гэв. - 100. Сайд түшмэд нь ноёнд айлтгав:
- 101. «Саяын зүүд муу ёртой.
- 102. Дон мөрн?өс ус ууна гэж
Догшин половцыг доройтуулна гэж
Хоёр зоригт шонхор дүү чинь
Хол газар явж очоод
Далавч өдөө сэлмээр тайруулж
Дархан биеэ төмрөөр тушуулжээ» гэв. - 103. Хоёр нар мандсан боловч
Хойшоо урагшаа салж унтрав.
Хоёр сар ургасан боловч
Холын далайд унаж шингэв.
Догшин баатрууд ялагдсан учир
Дорно зүгт дайсан өндийв. - 104. Каял голыг харанхуй бүрхэв.
Хавийн гэрэл цөм унтрав. - 105. Омогт барсын ховдог зулзагууд
Орос нутгаар давхилдах болов.
Араатны зулзага аюулт половцууд
Ар өврөөр харайлдах болов. - 106. Атар дархан Орос орон
Аюулт дайсны хөлд гишгэгдэв. - 107. Өнгөрсөн цагийн алдар мартагдав.
Өнөө цагийн ичгүүр дэлгэрэв. - 108. Харь дайсан, Оросыг зовоов.
Хар санаат половцууд ноёрхов. - 109. Азов тэнгисийн эрэг дээр
Ариун готын хүүхнүүд дуулна.
Олзны алтан чимгээ хангинуулсан
Охид тэнд дуулж байна.
Готтой байлдсан Боз ноёныг
Гойд сайхнаар дурсаж дуулна.
Кончакийн өвөг Шаруканыг магтана. - 110. Хоосон бид цэнгэлгүй үлдэв» гэв.
- 111. Мэлмий дүүрэн нулимстай өвгөн
Мэргэн Святослав зарлиг болов: - 112. «Ай, Игорь, Всеволод хоёр минь
Арай эрт та нар хөдөлжээ.
Атаат дайсныг дарахаар морджээ.
Алдар нэрийг олохоор явжээ.
Дайсан половцыг дарж чадсангүй.
Дайчин нэрийг ч олж барсангүй. - 113. Зориг зүрх чанга боловч
Зол заяа сул байжээ. - 114. Буурал толгойд минь юу авчрав?
Булай ялагдлыг авчирчээ, та нар. - 115. Хүчээр захирдаг ноёд ч байхгуй.
Хүлэг баатар Ярослав ч олдохгүй.
Хүрээлсэн сайд ноёд ч харагдахгүй.
Хүндэт итгэлт татран нар ч үзэгдэхгүй.
Түшиг болох тэд байсан бол
Түрээ барих зэвсэггүй боловч
Түрийлдэг ганц хутгыг хэрэглэж
Түйтгэрт дайсныг дарах байсан.
Уулгалах дайсныг урайгаар айлгаж
Урьдын их гавъяагаар сүрдүүлж
Уг удмын нэрээр далайлгаж
Учиртай үгээр номхруулж болох сон. - 116. Аа тэгэхэд та нар яаж байна?
Ар өврийн тусламжийг авахгүй
Алд биеийн арга чадлаар
Алдар нэрийг дангаар олох гэж
Өвөр бусдын хамтарч бүтээсэн
Өнгөрсөн жилийн их ялалтыг
Өөрсдийн хүчээр дахин олох
Өнгөрүү санааг та нар санаж
Игорь тэргүүтэй хэдхэн ноён
Их ялалт хийхийг оролджээ. - 117. Өвгөн би залуу хүн шиг
Өнгөрсөн жил половцыг ялсан. - 118. Өвгөн харцага хэзээ боловч
Өндөг үүрээ сүйдүүлж яваагүй. - 119. Өнөө болоход ноёд та нар
Өвгөн намайг тоохгүй байна. - 120. Илэрхий цөвийн цаг болжээ.
- 121. Римов хотын дэргэд оросууд
Их дуугаар ёолж байна.
Игорь ноёныг ялагдсаны дараа
Идэр баатар Владимир ван
Идэмхий половцтой байлдаж байгаад
Их шархдаад гиншиж байна. - 122. Ийм зовлон олшроод байна».
- 123. Юрий вангийн хүү Всеволод
Юунд чив чимээггүй болов доо?
Юуны тэргүүнд Киевт ирээсэй.
Юүрэх аюулаас биднийг авраасай. - 124. Ижил мөрөн их боловч
Идэрхэг та самарч чадна.
Дон мөрөн гүн боловч
Дорвитой ноён шавхаж чадна. - 125. Хэрэв та тэнд байсан бол
Хэдэр половцыг амархан номхруулж
Хэдхэн мөнгөөр шивэгчин авах сан
Хэлтэрхий зоосоор боол олохсон. - 126. Өмнөд Рязанuн ноён Глеб
Өөрийн зоригт хөвгүүдийн хамт
Өгөр половцыг түрүүлэн дайрч
Өм цохиж туслах байсан. - 127. Дайчин Ростиславын шилдэг хөвгүүд
Давыд Рюрик хоёр сонс!
Шаргал алтан дуулгатай цэргүүд чинь
Шархныхаа цусыг цувуулж явсан шүү. - 128. Хайрт сайхан нөхөд чинь одоо
Харь газар, половц нутагт
Хатан сэлмэнд шархадсаны өшөөг
Хариулж авахыг хүсэж байна. - 129. Саруул ухаант сайд ноёд минь
Сайхан оросын төлөө явж
Саяхан шархадсан Игорийн төлөө
Сайн мориндоо мордоцгоо, нөхөд минь. - 130. Галицын Найман билэгт Ярослав
Гайхамшиг алтан ширээндээ залраад
Мадиарын ууланд харуулыг суулгаад
Манайд халдах замыг бөглөжээ
Дунай мөрний боомтыг хаагаад
Дуулгар муутны шуналыг боожээ.
Үүлтэй тэнгэрт зэвсэг цацаж
Үертэй Дунайд онгоц хөвүүлж - 131. Омогтой улсыг сүрээр дарж
Ордтой Киевийг дураар эзэмшиж
Алтан ширээнээс зүхэх төдийгөөр
Алс Туркийн Султаан хааныг сөгдүүлэв. - 132. Онц Найман билэгт минь одоо
Орос орны алдрын төлөө
Олегийн ач Игорийн төлөө
Овт Кончакийг харваж хайрла! - 133. Хөөрүү Роман, гааруу Мстислав нар аа
Хөвчин санаа чинь гавъяанд дурлана. - 134. Догшин шонхор шиг агаарт ниснэ.
Дорой бялзуухайг барьж иднэ. - 135. Баруун газрын хуяг дуулгатай
Баатар эрчуүд танайд олон.
Зүүн зүгийн дайчин эрсийн
Зүрх чичирч тэднээс айдаг.
Ойрх Литвийн олон овогтон
Олдой половцын цөвдөл иргэд
Үзүүртэй жадаа хуга татуулж
Үстэй толгойгоо тас тайруулсан юм. - 136. Роман ноднин ялсан боловч
Одоо Игорь ялагдаад байна.
Орос Игорийн нар шингэлээ.
Омтгой половцууд олзоо хуваалаа. - 137. Оросын хотууд половцынх боллоо.
Ойн модны навч уналаа.
Үхсэн баатрыг сэргээх аргагүй.
Үйлдсэн бурууг засах нөхцөлгүй - 138. Дон мөрөнд ялах гэсээр
Доройтож унасан их харамсал. - 139. Илдэн Ярославын зоригт хөвгүүн
- 140. Ингварь, Всеволод хоёул сонс.
Ивээлт Мстиславын гурван хөвгүүн.
Роман, Святослав, Всеволод сонс.
Сайн үүрийн шонхрууд боловч
Санааны дураар нутгийг эзэрхэв. - 141. Алтан дуулга, ган жадаа
Аль газар хэрэглэх гэж байна? - 142. Аугаа Оросын хилийг бэхлээч.
Асар хурц сумаа бэлдээч.
Игорийн төлөө, Оросын төлөө
Илд зэвээ сугалаач, та минь. - 143. Өрнө зүгийн Сүүл гол
Өмөг түшиг болж чадахгүй.
Баруун зүгийн Двин гол
Балчиг болж ширгэсэн учраас
Буруу номтонд хориг болохгүй,
Бушуу нэвтрэх зам болжээ, - 144. Ганцхан Изяслав ноён зориглож
Ган илдээр Литийг чичиж
Гавъяа нэрээ өргөсөн боловч
Гай болж өөрөө алагдсан юм.
Улаан бамбайгаа дэрлэн хэвтэж
Ургасан ногоог цусаар будаж
Халуун цусаа урсгаж нойрсоход - 145. Хайрт янагийн шивнэх сонсдов:
- 146. «Өршөөлт ноён минь өөд болжээ.
Өрлөг олон баатрын шарилыг
Өрөвтас шувуу өдөөр нөмөрлөнө.
Өлссөн араатан цусыг долооно».
Бэлчээрийн өвсөнд ингэж хэвтэхэд - 147. Бие махбодоо ингэж хаяхад
Биширч ханилсан ах дүү нар
Брячислав, Всеволод алин ч байсангүй.
Элбэрэлт Изяславын лагшин дотроос
Эрдэнэт алтан чимгийн цаанаас
Энхрий сувдан сүнс зайлж
Энхжин оронд заларч одов. - 148. Дуу чимээ нам гүм болов.
Дун бүрээ ганц хангинав.
Дурсгалт Гродно дайсанд автав.
Дур зориг хоёул мохов. - 149. Сэцэн Ярославын ач гуч нар!
Сэргэлэн Всеволодын үр хүүхэд!
Иштэй тугаа доош буулгаач.
Иртэй зэвсгээ далд хийгээч. - 150. Урьдын өвгөдийн бүтээсэн хэргийг
Угсаа залгагчид эвдэж хаялаа. - 151. Хэрүүл маргааныг хийсээр байгаад
Хээрийн нүүдэлчнийг Орост ирүүлэв. - 152. Та нарын тэмцлээс болж
Талын половцууд хүчирхэх болов.
Атаа тэнгэрийн Троян онгоныг
Амьтан бүхэн шүтэж байхад
Аагтай Всеслав азаа үзэж - 153. Аргатай бөөгөөр шавга татуулж
- 154. Ардын үймээнийг аятайхан ашиглаж
Ажнай морьдоор бэлэг хүргэж
Ариун дагина шиг Киев хотын
Алтан ширээнд суусан удаатай. - 155. Эндээс Всеслав байлдахаар бэлдээд
Эсрэг Изяславыг дарахаар мордоод
Эвссэн нөхдөөс гэнэт салаад
Эзгүй хээр шөнө оргоод - 156. Шинших чоно шиг шилбэлзэн гүйж
Шидтэй юм шиг гилбэлзэн давхиж
Шинэ хотын хаалгыг нээж
Шилдэг Ярославыг ниргэсэн түүхтэй. - 157. Мөн цааш нь чоно шиг гүйгээд
Мөнх урсах Немигид хүрээд - 158. Мөчөөрхөх дайснаар бухал овоолж
Мөнгө болдоор будаа цайлгаж
Хүүрийн ясыг үтрэмд цацаж
Хүний сүнсийг салхинд хийсгэв.
Немиги мөрнийг тариагүй болгов.
Нийт Оросыг авс болгов. - 159. Омогт Всеслав онцгой эрхтэй.
Олны заргыг шүүх эрдэмтэй.
Олон хотыг хуваах мэдэлтэй.
Оторч хүн шиг тэнэх заншилтай.
Төхмийн чоно шиг яаран гүйнэ. - 160. Төвийн Киевээс үүрээр гараад
Төмөр цайзад өглөө хүрнэ.
Төрсөн Полоцкид өглөө мөргөөд
Төвлөсөн Киевт үдэш мөргөнө. - 161. Бие нь их чийрэг бөгөөд
Билэг нь их хурц боловч
Бишгүй олон бэрх явдлыг
Биеэр туулж зовсон хүн. - 162. Битүүлэг түүний заяаг нээж
Билэгт Боян хуурчийн хэлсэн нь: - 163. «Тэмцэх арга ухаан байвч
Тэнгэрийн бошгийг давж чадахгүй».
Урьд цагийн явдлыг санаж - 164. Уугуул Оросын нутгийг бодож
Угийн хуучин ноёдыг дурдахад
Урт санаа алдмаар байна. - 165. Хуучин Владимир ноёныг ч бод доо.
Хутагт Киевт цэнгэж суухгүй
Хурамхан зуур ч амарч чадахгүй
Хувьтай нутгаа хамгаалж явдаг сан. - 166. Одоо Рюрик Давыд хоёул
Оронго тугаа дээш өргөж
Оросын төлөө байлдах гэхэд
Оронго туг нь хойшоо урагшаа. - 167. Олон тийшээ ганхаж байна.
Ов санаа нь зөрөөтэй байна.
Охор жад нь ялгаатай байна.
Очих зам нь салаатай байна.
Ярослав ноёны хайрт охин
Ямбат Игорийн янаг хатан
Ярославна гэдэг хөөрхөн бүсгүй
Яруу дуугаар гашуудаж дуулав: - 168. (Эцэг минь Найман билэгт билээ.
Эр минь эрэлхэг Игорь билээ.
Эрхэлж өссөн Дунай мөрөн билээ.
Эргүй бэлэвсэн эхнэр болов уу)
Дуулах хөхөө шиг нисэж яваад
Дунай мөрний Дээгүүр гараад - 169. Дундад Каялд хүрч очоод
Дуулгат Игорийг олж уулзаад - 170. Дурдан ханцуйгаа усанд дүрээд
- 171. Дусалсан цусыг арчиж өгөх сөн».
- 172. Путивли хотын хаалган дээр
Бүлцийсэн Ярославна үүрээр очоод
Бүлээн нулимсаа урсган байж
Бүдэг дуугаар гасдан дуулсан нь: - 173. «Салхины эзэн, хийн тэнгэр минь!
Саяын тулалдаан болж байхад - 174. Орос цэргийн өөдөөс үлээж
Ончтой сумыг хүчгүй болгоод
Половц цэргийн араас үлээж
Боольхой сумыг хүчтэй болгосон
Учир юу вэ? Уучилж өршөө.
Учралт нөхөр минь ингээд ялагдав. - 175. Тэнгэрийн үүлсийг нүүлгэх салхи
Тээлийн өвсийг бөхийлгөх салхи
Тэнгисийн онгоцыг хөвүүлэх салхи
Тэр мэт их үйлсийн хажуугаар
Тэмцэж байгаа бидэнд тусал.
Тэрс үзэлтэнд битгий тусал. - 176. Өрөвдмоөр миний жаргал цэнгэлийг
Өвсний хамт юунд бөхийлгөв?» - 177. Ярославна хатан бас Путивлийн
Ямба ёслолын танхимд уйлав: - 178. «Цуурай ихт Днепр мөрөн минь
Цувраа уулыг шувт зүсээд
Цул хадыг нэвт цохиод
Цуугих половцид цөмөрч орсон
Дугаар олны эх болсон
Цутгах хүчит мөрөн минь өршөө. - 179. Киевийн Святославын онгоцыг арчилж
Хилийн нутагт мэнд хүргээд
Хийрхүү Кобякийг бут цохиулсан
Хийморь сэргээх Днепр мөрөн. - 180. Үнэн чадлаа илт үзүүлж
Үүрдийн хань Игорийг өршөө,
Үдэш өглөө гашуудах миний
Үйл зовлонг арилгаж өршөө». - 181. Бас Ярославна эрт босож
Бат Путивлийн хаалганы дэргэд
Барай бүрий байхад очиж
Баатар нөхрөө мөрөөдөж дуулсан нь: - 182. «Халуун илчит халамжит нар минь
Хамаг бүхэнд тааламжит нар минь - 183. Хайрт нөхөрт минь арай дэндүү
Халуун илчээ соёрхсон байна.
Харвах нум нь хэтэрхий хагсаж
Хагарч хугарахад хүрсэн байна.
Хадгалах саадаг нь хэтэрхий шарагдаж
Ханзарч урагдахад хүрсэн байна. - 184. Шуурга шуурч далай долгилов.
Шууд оргохыг Игорь хүсэв.
Шуурхай аргыг тэнгэр заав.
Шударга нөхөр Овлууртай уулзав. - 185. Үд болоход Игорь унтав.
Үдэш болоход Игорь сэрэв.
Дон мөрнөөс үдэш гарвал
Донец мөрөнд хэдийд хүрэхийг
Тухайлж бодно, багцаалж үзнэ.
Тууштай нөхөр Овлуурт итгэнэ. - 186. Игорь ноёнд оргох дохиог
Итгэлт Овлуур исгэрч мэдэгдэв - 187. Тэр дохиог манаачид мэдээд
Тэнд эндээс босоод ирэв. - 188. Ухас хийгээд Игорь ноён
Усны бургасанд харайж оров.
Цагаан галуу шиг усанд шумбаад
Цаад эрэгт нь самарч гарав. - 189. Хөлөг мориндоо харайж мордоод
Хөх чоно шиг зугтаж одов. - 190. Үүлэнд шургасан догшин шонхор шиг
Үзэгдсэн галуу нугасыг барьж
Үдийн зоог, үдшийн зуушинд
Үлэмж олныг идсээр явав. - 191. Игорь шонхор шиг нисэж ирэв.
Игорийн хойноос үнэнч Овлуур
Идэрхэг чоно шиг гүйцэж очив.
Их эцсэн морьдоо хаяжээ. - 192. Донец мөрөн хайрлан ивээж
Дотно ноён Игорьт хэлсэн нь: - 193. «Игорь ноён, ирсэн сайн.
Идэмхий Кончакаас салсан сайн
Орос газар ээлтэй сайн
Орон даяар баяртай сайн». - 194. Их Донец мөрнийг харж
Игорь ноёны хэлсан нь: - 195. «Ивээл ихт өргөн Донец минь,
Игорь намайг долгиондоо бүүвэйлж
Идэр насанд хүргэсэн Донец минь - 196. Ирмүүн урсгал чинь хөх байна
Ирмэг эрэг чинь цайвар байна
Илэрсэн чулуу чинь цагаан байна
Идэх өвс чинь ногоон байна
Ихэмсэг ой чинь багир байна
Ирвэлзэх манан чинь цэнхэр байна - 197. Балагт половцын нутгаар урсах
Багахан Стугна аюултай байна
Барааг нь харахад багахан гол
Басаж болохгүй аюултай гол
Адаг хирдээ өргөн гол
Авсаар гатлахад бэрхтэй гол
Агь ноён Ростислав хүүг
Аваад явчихсан хэцүү гол - 198. Агь Ростиславын эх хатан
Алдарт Днеприйн эрэгт зогсоод
Амраг хүүгийн төлөө гашуудаж
Алсыг хараад уйлж байв. - 199. Алаг цэцэг гунихарч гандав.
Ариун ой гашуудаж бөхөлзөв». - 200. Хэрээ шаазгай хоёр шулганах мэт
Хэрцгий Гзак Кончак нар ярив. - 201. Хэрээ шаазгай ч дуугүй болов.
Хэрүүлч турлиах чимээгүй болов. - 202. Эрээн могой мурилзан гулгав.
Эзтэй тоншуул модыг тоншив.
Эгшигт гургалдай үүрийг дохиолов.
Энэ чимээгээр Игорь зугтаав. - 203. Гайтай Гзак нь түйтэй Кончактаа
Гашуун ёгт үгийг хэлэв: - 204. «Шонхор үүрэндээ нисээд явчихвал
Шонхрын дэгдээхэйг шорлож идье» гэхэд - 205. Түйтэй Кончак нь гайтай Гзактаа
Түрүүчийн үгэнд нь хариу хэлэв: - 206. «Тэр ч арай дэндэх байх аа.
Тэнцэх өөр аргыг хэрэглэе.
Шонхор үүрэндээ нисээд явчихвал
Шонхрын дэгдээхэйг охиноор оосорлоё». - 207. Гайтай Гзак нь түйтэй Кончактаа
Гашуун үгийг дахин хэлэв: - 208. «Оосортой дэгдээхэй, охин хоёр
Орос газар очиж суугаад
Орхисон биднийгээ эргэж цохих
Осолтой явдал болохыг мэдээрэй» гэв. - 209. Эртний Святославын эрхэмсэг хуурч
Эрдэмт Ярославын билэгт дууч
Эгшигт Боян, Ходын нар үүнийг
Энэ мэтээр дуулах байсан даа - 210. «Түших цээжгүй, толгойд хэцүү
Түрүүлэх толгойгүй, цээжинд хэцүү
Манай Орос, ноёнгүй хэцүү
Магалдаж хэлбэл Игорьгүй хэцүү». - 211. Бадарсан нар огторгуйд мандав.
Баатар Игорь Оростоо ирэв. - 212. Баруун зүгийн Дунай мөрөн
Баясгалантай сайхан урсаж байна.
Бахадмаар сайхан хүүхнүүд тэнд
Баярламаар сайхан дуугаа дуулна.
Тэдний сайхан цэнгэлийн дуу
Тэнгисийг даваад Киевт цуурайтав. - 213. Болд баатар Игорь ноён
Болор Киевт морилж ирээд
Боричевын орцоор өөдөө өгсөж
Богд Дарь эхийн сүмд мөргөв. - 214. Хот тосгон баяраар бялхав.
Хол ойр цэнгэлээр дүүрэв. - 215. Өвгөн ноёдод магтаалын дууг
Өргөж дэвшүүлэх ёстой байна.
Өсвөр залуу ноёдод мөн
Өргөх дууг айлтгамаар байна. - 216. Ахмад ноён Игорь, Всеволод
Агь ноён Владимир эзний
Алдар цог үүрд өрнөтүгэй - 217. Ачит олон нөхөд нь мандтугай
Алимад буруу номтой тэмцэгч
Ариун шашны баатрууд мандтугай - 218. Өршөөл хайр өргөн бадартугай
Өлзий хутаг үүрд орштугай.
Ссылка
Если вы используете корпус в научной работе, пожалуйста, сошлитесь на эту публикацию:
Орехов Б. В. Параллельный корпус переводов «Слова о полку Игореве»: итоги и перспективы // Национальный корпус русского языка: 2006—2008. Новые результаты и перспективы. — СПб.: Нестор-История, 2009. — С. 462—473.